УРАНЫ ХОР УРШГИЙН НОТОЛГОО
Улаанбадрах сумын малчин, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Гантөрөөс ураны хор хөнөөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Танай суманд ураны компани үйл ажиллагаа явуулснаас хойш олон гамшиг нүүрлэх болсон. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Тийм ээ. Манай сум ураны олборлолтоос үүдэлтэйгээр олон аюулт нөхцөл байдалтай нүүр тулж, багагүй цаг хугацааг туулаад байна. Өнөөгийн нөхцөл байдал мэдээж урьдын адил. Харин ч улам л хүндэрч байна даа. Учир нь суманд уран олборлох үйл ажиллагаа одоо хэр нь явагдсаар, зогсох нь бүү хэл бүр л эрчимжээд байна.
-Нутгийн иргэдийн хувьд энэ бүхнийг эсэргүүцдэг л байх. Яагаад өдийг хүртэл уран олборлолт зогсохгүй байгаа гэж бодож байна вэ?
-Иргэд бид тэмцсээр ирсэн. Холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн хяналтаас эхлээд үе, үеийн УИХ, Засгийн газар, Төрийн тэргүүнд хүсэлт хүргүүлж байсан. Харамсалтай нь ураны компанийг зогсоох нь бүү хэл, харин ч ураны лицензүүд нэмж олгогдсоор өнөөг хүрсэн.
-Хамгийн сүүлд хэнд, хэзээ хандсан бэ. Ямар хариу өгдөг вэ?
-Заримдаа хариу ч ирэлгүй өнгөрдөг. Хамгийн сүүлд буюу 2020 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаж Аймгийн Засаг даргад хүргүүлж байсан. Мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-д хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. Бидний зүгээс ураны олборлолтын улмаас “Сумын хэмжээнд үүссэн хүн малын өвчлөл, хордлого, байгаль орчны доройтол, сөрөг нөлөөллийг судалж тогтоох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирлыг арилгуулахыг шаардсан иргэдийн санал хүсэлтийг” гаргасан. Гэвч дорвитой хариу арга хэмжээ авахгүй байсаар байна.
-Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үнэлгээ, булаг шандны усны бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байв уу?
-Хамгийн сүүлд өнгөрсөн зун одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа манай сум руу Ажлын хэсэг явуулж, шинжилгээ судалгаа хийлгүүлж байсан. Ураны олборлолтын орд газартай хамгийн ойр орших булаг шандны уснаас дээж авч шинжлүүлсэн байдаг. Сайншандын тавдугаар баг Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийг дамжиж урсдаг гүний усны илэрц гэгддэг маш сайхан булаг бий. Баруун баянгийн тэр булгийн усанд шинжилгээ хийхэд ураны агууламж маш их хэмжээгээр байна гэж гарсан. Үүнийг хүн мал ууж болохгүй, уувал үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Тийм зөвлөмжийг мэргэжлийн хяналтын газар байгаль орчны газраас гаргаад энэ булгийг хашаалах хэрэгтэй гэсэн байдаг. Тэр зөвлөмж 2020 оны долоодугаар сард гарсан. Одоо жил гаран болж байна. Мал уудгаараа уугаад ийм л байдалтай байна. Сая гуравдугаар сарын 9-нд сумын Засаг даргын Тамгын газраас Ажлын хэсэг гарч, Аргалант багийн эмч мэргэжилтнүүд, мал эмнэлгийн газартай хамтран булгийн ойролцоох үхсэн зээрүүдийг гаргаж авах ажиллагаа явуулсан. Энэ үеэр 70 гаруй зээрийн сэгийг олж тогтоон устгалд оруулсан байгаа. Тэрний дотор 30 гаруй нутгийн бор зээр байна лээ. Цагаан зээр бол яахав нүүдлийн амьтан үхэж байж магадгүй гэж болох ч нутгийн бор зээр ингэж олноор үхнэ гэдэг ураны аюул байна гэдгийн том нотолгоо гэж үзэж байна. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрээд байна.