Монгол ураны нөөцөөрөө дэлхийд 13-т бичигддэг ч албан ёсоор нөөцийг тогтоож чадаагүй байгаа билээ. 20-иод жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-ын геологичдын хийсэн судалгаагаар Монгол улсын нутаг дэвсгэрт 1.4 сая тн уран байх боломжтой гэж үзсэн байдаг. Энэ нь одоо хүртэл батлагдсан нөөц биш таамаг төдий хэвээр байгаа юм. Дундговь аймгийн нутаг дахь Хараат, Хайрхан, Дорнод, Гурванбулаг, Мардайн бүлэг орд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Дулаан уулын ордуудыг нэрлэж болно. 40-50 мянган тонн нөөцтэй энэ ордыг өдгөө Францын “Арева” компанийн охин компани болох “Кожеговь” ХХК эзэмшиж байгаа. Эднийх хэдхэн хоногийн өмнө газар дор ураныг уусган баяжуулах аргачлалаар технологийн туршилт хийжээ. Энэ нь өнгөрсөн 20 жилд Монголд уран олборлосон анхны тохиолдол юм. Манай улсад баталгаажсан, нэмэгдэх боломжтой ураны нөөцийг өнөөгийн байдлаар авч үзвэл үндсэндээ 120 гаруй мянган тонн нөөц болж байна. 20 жилийн өмнө ОХУ-ын геологчид баталсан байна. 1.4 сая тонн нөөцийг эрчимтэй хайгуул хийх юм бол батлагдах боломжтой гэж судлаачид үздэг. Дэлхийн эдийн засгийн томоохон төвүүд гэгддэг АНУ, Хятад, Япон, БНСУ, ОХУ, Франц мэтийн орнууд цөмийн эрчим хүчний хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж байгаа. Тэр дундаа Франц нийт эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг зөвхөн цөмийн эрчим хүчнээс гаргаж авдаг байна. ОХУ, АНУ, Хятад зэрэг орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээг ойрын хэдэн жилд 50 хувьд хүргэхээр зорьж байна. Энэ үйлдвэрлэл өссөнөөр ураны хэрэгцээ тасралтгүй нэмэгдэнэ гэсэн үг юм. Монгол улсын хувьд ураныг бүрэн боловсруулах боломж одоогоор бүрэн бүрдээгүй. Харин цөмийн түлшний өмнөх шатны бүтээгдэхүүн болох шар нунтгийн түвшинд үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл уг нунтгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж савлаад дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой ажээ.